Жинхэнэ жолооч гэж хэн бэ?

Жолооч таны мэдлэгт

Жинхэнэ жолооч гэж,

Ганц машин гүйцэд түрүүлэх нь омогшил гэж ойлгодоггүй.
Хотын хөдөлгөөнд хурд хэтрүүлдэггүй.
Түгжрээ үүссэн нь урд талын ганц машинаас хамаардаггүйг мэддэг.
Жолоо барьж буй үедээ бусад жолоочид ойлгомжтой байдлаар дохиогоо өгдөг.
Өөрийнх нь хийсэн буруу, болчимгүй үйлдэл нь өөрт болон бусдад эрсдэл үүсгэдгийг ойлгодог.
Дуут дохиогоо зам тээврийн дүрмийн дагуу ослоос урьдчилан сэргийлэх гэж л хэрэглэдэг.
Зөвхөн өөртөө бус хамт явж буй зорчигчдодоо санаа тавьж, суудлын бүс заавал бүслэхийг сануулж, аюулгүй байдлыг эрхэмлэдэг.
Авто машинаа зөвшөөрөгдсөн газар түр байрлуулан үлдээхдээ утасны дугаараа үлдээдэг.
Авто машин жолоодно гэдэг нь зөвхөн өөрийн тав тух биш, бусдын өмнө үүрч буй хариуцлага гэдгийг ухамсарладаг.
Эцэст нь дураараа биш дүрмээрээ явдаг нэгнийг хэлнэ. Тэр жолооч бол жинхэнэ хотын жолооч юм.

 

Жинхэнэ жолооч байх нь яагаад хэрэгтэй вэ?

Зам, тээврийн эрсдэлийн индекс сүүлийн 10 жилд тасралтгүй өсжээ. Харин 2018 оны хувьд гэмтэж бэртсэн, нас барсан хүний тоо буурсан нь тус индекс өмнөх оноос буурахад нөлөөлжээ(Зураг 1).

2018 онд зам тээврийн ослын шинэ тохиолдол 20,345 бүртгэгдэж өмнөх оноос 15.6 хувиар өсжээ(Зураг 2). Энэ 20 мянга зүгээр л нэг өссөн, буурсан үр дүнг илэрхийлэх тоо биш.

1 хүний цаана төрөл садан, найз нөхдийг нь тооцоод 50 хүн байдаг гэж үзвэл 20 мянга давсан ослын цаана 1 сая хүн шууд бусаар өртөж байна. Тэр нөлөө нь үнэндээ юу ч байж болно. Өвчин зовлон, үхэл хагацал(зам тээврийн ослын улмаас 4794 хүн эрүүл мэндээрээ хохирсон), өнчрөл, өрхийн санхүүгийн байдлаас эхлээд цуварч өгнө. Хамгийн харамсмаар нь жолоодох эрхтэй ч жинхэнэ жолооч биш хэн нэгний болчимгүй үйлдлээс шалтгаалан жилд 529 хүн нас барж байна(Зураг 3). Энэ нь нийт гэмт хэргээр нас барсан хүмүүсийн 35 хувийг эзэлж байна.

Энэ бүхэн тоглоом биш. Ослын 97 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэжээ. Шалтгаан нь ч ойлгомжтой. Тухайн жолооч маань согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй байсан, хөдөлгөөнд оролцох наад захын соёл байхгүй зэрэг нь нөлөөлсөн.

Тэгэхээр жолоо барихад уур уцаар, Монгол омогшил, баян ядуу, бяртай чадалтай эсэх ямар ч хамаагүй. Энэ бол цэвэр үүрэг, хариуцлагын асуудал билээ. Монголд, ялангуяа ослын дийлэнх нь болж буй Улаанбаатарт ЖИНХЭНЭ ЖОЛООЧ дутагдаж байна.

Зам, тээврийн ослын эрсдэлийн индекс

Хаана яваа эсэхээ мэдэх нь.

  • Дээрх тоо их үү? бага уу?
  • Бид дэлхийн хаана явна вэ?
  • 100,000 хүнд ногдох нас баралтын тоогоор/зам тээврийн ослоос/ манай улс нилээд дээгүүр бичигдэж байна(зураг 5).
  • Гэвч зөвхөн Монголд ийм бус. Хөгжингүй орнуудтай харьцуулахад ядуу, буурай орнуудад энэхүү үзүүлэлт 8 дахин өндөр байдаг байна.

 

Хамтдаа хүний амь аврах уу?

Сүүлийн 3 жилд бид зам тээврийн ослоос 1500 хүний алтан амийг аврах боломж байжээ. Ингэж хэлж буй шалтгаан нь зураг 5-тай холбоотой. Зам тээрийн осол нь автомашин, зам, хүн гэх 3 хүчин зүйлсээс шалтгаалж байна. Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар хүнээс шалтгаалсан хувь 99.9 хувийг бий болгож байна. Тэгэхээр жил бүр замын ослоос нас барах 500 орчим хүнийг бид аварч чадах нь.

Зураг 6. Зам тээврийн ослын хүчин зүйлс

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба. Монгол Улс дахь зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлт,УБ., 2017.

 

Сайн туршлагаас судлах нь

Жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослын улмаас нас барж байна. Тиймээс улс орон бүрэн энэ асуудалд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр сайн, муу олон туршлага бий.

  • Дани улсад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хошин шогоор харуулдаг.
  • Европын ихэнх орнуудад цас орсноос хойш элс, давс цацдаг нь 24 цагийн хугацаанд ослын тохиолдлыг 62 хувиар бууруулдаг байна.
  • Англи улс нь 2003 оноос авто замын бүх ажлын гүйцэтгэлийн явцад аудит хийдэг болсон. Үр дүнд нь ослын тоо 30 хувь, нас барагсдын тоог 2 хувиар бууруулж чадсан. Улмаар маш олон улсуудад аудитын систем бий болсон

Бусад мэдээ, мэдээлэл